Бизнесийн салбар
"Алтайн зам" ХК

ТАНИЛЦУУЛГА

    1935 онд арваадхан ажилчинтай, бага хэмжээний засварын ажлыг гараар хийж гүйцэтгэдэг “Зам анги” байгуулагдсанаар “Алтайн зам” компанийн тулгын чулуу тавигдсан бөгөөд уг зам ангиас 1940 онд Завхан , 1959 онд Увс, 1960 онд Баян-Өлгий аймгуудын Зам ангиуд өрх тусгаарлан байгуулагдаж баруун бүс нутагт авто зам, гүүрийн бүтээн байгуулалт өрнөх, цаашдын хөгжлийн эх суурь тавигджээ. 

    1992 онд Төрийн өмч давамгайлсан “Авто зам” Хувьцаат компани болон зохион байгуулагдаж, улмаар 1996 онд Монгол улсын Нөхөрлөл компаний тухай хуулийн дагуу “Алтайн Зам” ХК болж өөрчлөгдөн, 2003 оноос хойш “Нью прогресс” группын харъяанд үйл ажиллагаагаа явуулж байгаа тус компани нь Ховд, Баян-Өлгий, Архангай аймгуудад байнгын орон тооны 620 гаруй ажиллагсадтайгаар компанийнхаа материаллаг бааз, тоног төхөөрөмж, техник хэрэгсэл, машин механизмын бааз суурийг өргөтгөж, оновчтой менежментээр ханган үйлдвэрлэл, бүтээн байгуулалтынхаа хэмжээг жилээс жилд өсгөн нэмэгдүүлж байна.

    Мөн тус компани нь зөвхөн Монгол ажилчдыг ажиллуулах бодлого баримталдаг дотоодын цөөн хэдэн компанийн нэг бөгөөд орон нутгийн Хөдөлмөр Халамж Үйлчилгээний Хэлтсүүдтэй хамтран иргэдийг ажлын байраар хангаад зогсохгүй тэдэнд мэргэжлийн чиг баримжаа олгох сургалтыг тогтмол явуулдаг.

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛ

  •         Асфальт болон хайрган хучилттай замын барилга угсралт, засвар
  •         Асфальт бетон хольцын үйлдвэрлэл
  •         Төмөр бетон болон модон гүүрийн угсралт, засвар
  •         Төмөр бетон хийцийн үйлдвэрлэл
  •         Гадаад худалдаа

БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ

    Тус компани нь авто замын ажлын судас болсон гүүрийн барилга угсралтын ажилд ихээхэн дадлага туршлага хуримтлуулсан бөгөөд Монгол улсын баруун бүс болох Алтайн нуруу, Хангайн нуруудын томоохон голуудын модон болон төмөр бетон гүүрийг тус компани амжилттай барьж байгуулж ирсэн түүхтэй. 

Эдгээрээс дурдвал:

  •         Ховд голын Мянгадын 150 у/м гүүр
  •         Аравын голын 78 у/м гүүр
  •         Завхан голын 127 у/м гүүр
  •         Хөвсгөл аймгийн Дэлгэр Мөрөний 188 у/м гүүр
  •         Увс аймгийн Гашууны голын 72.25 у/м төмөр бетон гүүр

    “Алтайн зам” ХК нь хөгжлийнхөө түүхэнд нийтдээ том жижиг нийлсэн 3000 гаруй урт/метр модон болон төмөр бетон гүүр барьж байгуулснаас 1013 у/м гүүрийг сүүлийн үеийн технологиор төмөр бетоноор барьсан нь хийц чанарын хувьд сайн, удаан эдэлгээтэй гүүрүүд болж, эвдрэл гэмтэлгүйгээр ашиглагдсаар байна.

 

ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ХҮЧИН ЧАДАЛ

    Өнөөдөр тус компани жилдээ 260000 тн асфальт бетон хольц үйлдвэрлэх хүчин чадалтай ОХУ болон БНХАУ-ын техник тоног төхөөрөмж бүхий 3 асфальт бетон завод, өндөр хүчин чадалтай 60 гаруй машин механизмтайгаар жилдээ 50 км хатуу хучилттай авто зам, 200 у/м төмөр бетон гүүр хоолой барьж байгуулах, 1000-1500 тн төмөр бетон эдлэл үйлдвэрлэх, цагт 60 метр куб чулуу бутлах хүчин чадалтай 2 ком бутлуурын тоног төхөөрөмжтэй бөгөөд 0-40 мм-ийн хэмжээтэй 4 төрлийн чулууг стандартын дагуу бутлан үйлдвэрлэлдээ ашиглаж байна. Хийж гүйцэтгэж буй замын ажилдаа байнгын хяналт тавьж, шинжилгээг судалгаа, хөрсний болон асфальт бетон хольцын бүх төрлийн шинжилгээг хийх зориулалт бүхий, иж бүрэн тоноглогдсон хээрийн лаброторитой.

ШАГНАЛ УРАМШУУЛАЛ

  •         МУҮТГ-аас Монгол Улсын Найдвартай татвар төлөгч
  •         Мянганы замын бүтээн байгуулагч
  •         Шилдэг технологи нэвтрүүлсэн аж ахуйн нэгж
  •         МУСЭЗСайдаас Нягтлан бодох бүртгэлийн ОУ-ын стандарт нэвтрүүлсэн байгууллага
  •         Нийгмийн стандарт хэвшүүлэх сангаас Нийгмийн хөгжлийг дэмжигч тэргүүний байгууллага
  •         Бизнес хөгжлийн гарц холбооноос Тэргүүний Аж Ахуйн Нэгж
  •         Ховд аймгийн ХАҮТ-аас бүтээн байгуулалт хөгжлийн жилийн Оны Шилдэг Аж Ахуйн Нэгж
  •         Ховд аймгийн ХАҮТ болон ТГ-аас Найдвартай татвар төлөгч

ДАВУУ ТАЛ, ОЛОЛТ АМЖИЛТ

Мянганы замын бүтээн байгуулагч.

    Монгол Улсын Засгийн Газраас хэрэгжүүлж байгаа ''Мянганы зам'' төслийн хүрээнд Монгол Улсыг Азийн авто замын сүлжээнд холбох босоо тэнхлэгийн гол замд хамаарах Ховд аймгийн Мянгад сумаас Баян-Өлгий аймгийн Толбо сум чиглэлийн Хонгио голын 45.8 у/м төмөр бетон гүүр, Ховд аймгийн Мянгад сумаас Баян-Өлгий аймгийн Толбо сум чиглэлийн Хашаатын хөтлийн 11 км сайжруулсан замыг барьж байгуулан, Мянганы замын бүтээн босголтод оролцож байсан бол мөн уг төслийн хүрээнд баруун бүсэд баригдсан анхны хатуу хучилттай авто зам болох Баян-Өлгий аймгийн Өлгий-Цагааннуур чиглэлийн 30 км хатуу хучилттай авто замыг барьж байгуулан ашиглалтад оруулсан.

Экологийн түнш байгууллага.

    Зам барилгын ажлыг хийж дуусах бүрдээ ашигласан карьерыг хэвийн байдалд нь оруулж нөхөн сэргээх ажлыг тогтмол хийж, элс хайрга ашигласны нөхөн төлбөрийг тухай бүрт нь төлдөг нь орон нутгийн төсвийн орлогоор дамжин байгаль экологийг нөхөн сэргээхэд зарцуулагдаж байдаг. Нөгөө талаар авто замыг барьж байгуулснаар хэдэн арван салаа зам үгүй болж, зөвхөн ганц замаар хөдөлгөөн үргэлжилж байгаа нь цөлжилт, хөрсний эвдрэл, элсний нүүдлийг багасгахад маш их ач холбогдолтой.

ISO 9001: 2008болон OHSAS 18001:2007

    “Алтайн зам” ХК нь чанарын удирдлагын тогтолцоо болон хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн удирдлагын тогтолцоог нэвтрүүлсэн анхдагч замын компани болж, 2012 оны 11 сард гэрчилгээгээ гардан авсан юм.

 

www.altainzam.mn

2013-02-22 17:38:16
Харилцах хаяг
Монгол улс, Улаанбаатар хот,
Сонгино хайрхан дүүрэг, 4-р хороо,
Нью прогресс группын байр,
Улаанбаатар - 37, Ш / х -186

Утас: 976-70172238
Факс: 976-70172251

Цахим шуудан: info@newprogressgroup.mn

Веб хуудас: www.newprogressgroup.mn
Санал хүсэлт