Ховд аймагт байгаль орчин, ногоон хөгжил, иргэдийн амьдрах орчныг сайжруулах зорилготой “ХОВД ЭКО ПАРК” төслийн эхлэл албан ёсоор тавигдлаа.

Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаанд суурилсан энэхүү төсөл нь Ховд аймагт иргэдийн амралт, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх эко орчныг бүрдүүлэхээс гадна Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг бодитоор хэрэгжүүлж буй жишиг төсөл болж байгаагаараа онцлог юм.

“Нью Прогресс Групп” ХХК нь 2022 оноос эхлэн үйл ажиллагаа явуулж буй баруун бүс нутагтаа ойжуулалт, ногоон байгууламжийн төслүүдийг үе шаттайгаар хэрэгжүүлж ирсэн бөгөөд байгаль орчны тогтвортой хөгжилд бодит хувь нэмэр оруулсаар байна.

Тухайлбал, 2022 онд Ховд аймгийн Жаргалант суманд 2 га талбай бүхий усалгааны системтэй мод үржүүлгийн талбай байгуулж, 500 мянга гаруй мод үржүүлэх төслийг эхлүүлсэн. Мөн 2023–2024 онд Буянт сум дахь “Ховд Эко Цемент” үйлдвэрийн гадна талбайд 8,000 гаруй мод тарьж, үйлдвэрийн ногоон бүсийг бүрдүүлжээ. Харин 2025 онд Жаргалант сумын төвд усалгааны систем, хамгаалалтын хашаатай 12,000 мод тарих төслийг хэрэгжүүлсэн байна.

Эдгээр ажлын үргэлжлэл болгон “ХОВД ЭКО ПАРК” төслийг Хөх Булан орчимд хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд нийт 100 га талбайд ойжуулалт, ногоон бүс, эко парк, цэцэрлэгт хүрээлэн байгуулах юм.

Төслийн хүрээнд 2026–2028 оны хооронд нийт 120,000 ширхэг мод тарихаар төлөвлөсөн бөгөөд:

  • 2026 онд — 30,000 мод
  • 2027 онд — 70,000 мод
  • 2028 онд — 20,000 мод тарихаар төлөвлөж байна.

Мөн тухайн бүс нутгийн экологийн нөхцөлд тохирсон мод, бут сөөгөөр ойжуулалт хийж, салхины хамгаалалтын болон хөрс хамгаалалтын ногоон бүс байгуулахаас гадна иргэдийн амралт, чөлөөт цаг, эрүүл амьдралын хэв маягийг дэмжсэн эко орчныг үе шаттайгаар бүрдүүлэхээр зорьж байна.

Төслийн онцлог нь төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаанд тулгуурлаж буйгаас гадна орон нутгийн иргэдийн оролцоог чухалчилж байгаад оршино. “Нью Прогресс Групп” ХХК нь өөрийн мод үржүүлгийн талбайд 3 жилийн хугацаанд бойжуулсан 420,000 ширхэг модны нөөц бүрдүүлсэн бөгөөд үүнээс эхний ээлжийн моднуудыг “ХОВД ЭКО ПАРК” төсөлд шилжүүлэн суулгах боломж бүрдээд байна.

“ХОВД ЭКО ПАРК” төсөл хэрэгжсэнээр:

  • Ховд аймагт томоохон хэмжээний ногоон байгууламж бий болно
  • Тоосжилт, салхины нөлөөлөл буурна
  • Иргэдийн амралт, чөлөөт цагийн орчин нэмэгдэнэ
  • Байгаль орчны боловсрол, эко соёлыг түгээн дэлгэрүүлэх жишиг талбар бүрдэнэ
  • Ирээдүй үеийнхэнд зориулсан тогтвортой хөгжлийн үнэт орчин бий болно

Төслийн хүрээнд “Хамтдаа ногоон ирээдүйг бүтээе”, “Хамтдаа эко парктай болцгооё” уриан дор орон нутгийн иргэд, байгууллага, аж ахуйн нэгжүүдийн оролцоог нэмэгдүүлэх олон нийтийн арга хэмжээнүүдийг үе шаттай зохион байгуулахаар төлөвлөж байна.

“ХОВД ЭКО ПАРК” төсөл нь баруун бүс нутагт ногоон хөгжил, нийгмийн хариуцлага, тогтвортой ирээдүйн шинэ жишгийг бий болгож буй стратегийн ач холбогдолтой бүтээн байгуулалт болж байна.

© 2026. Нью прогресс групп. All rights reserved.