Монгол Улсын барилгын материалын үйлдвэрлэлийн салбарт шинэ түүх бичигдлээ. “Нью Прогресс Групп”-ийн охин компани болох “Эко Драйволл” ХХК-ийн хэрэгжүүлсэн “ALPHA” эко гипсэн хавтангийн үйлдвэр 2026 оны 5 дугаар сарын 24-ний өдөр албан ёсоор нээлтээ хийж, байгалийн цэвэр гөлтгөнөөс эко гипсэн хавтан үйлдвэрлэх үндэсний анхны бүрэн автомат үйлдвэр ашиглалтад орлоо.

Тус үйлдвэр нь дэвшилтэт технологийг Монгол Улсад нутагшуулж, өмнө нь импортоос бүрэн хамааралтай байсан гипсэн хавтангийн хэрэгцээг эх орондоо үйлдвэрлэн хангах боломжийг бүрдүүлж байгаагаараа онцлог юм. Үйлдвэр бүрэн хүчин чадлаараа ажиллахад жилд  3.5 сая ширхэг гипсэн хавтан үйлдвэрлэх боломжтой бөгөөд Монгол Улсын зах зээлийн хэрэгцээг дотоодоос хангах стратегийн ач холбогдолтой бүтээн байгуулалт болж байна.

Нээлтийн ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Улсын Их Хурлын гишүүн, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан, төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудын төлөөлөл, салбарын мэргэжилтнүүд, хамтран ажиллагч түншүүд оролцов.

Арга хэмжээний үеэр Нью Прогресс Групп-ийн Ерөнхийлөгч, Монгол Улсын Аж үйлдвэрийн гавьяат ажилтан С.Балжинням төслийн талаар танилцуулж, энэхүү үйлдвэр нь Монголын барилгын материалын үйлдвэрлэлийн салбарт шинэ үеийг эхлүүлж буйг онцлон тэмдэглэлээ.

Тэрээр:

“Манай үйлдвэр дэвшилтэт технологийг Монголд нутагшуулж, өмнө нь импортын бүрэн хараат байсан бүтээгдэхүүнийг эх орондоо үйлдвэрлэж эхэлж буйгаараа барилгын материалын салбарын түүхэнд шинэ хуудас нээж байна” хэмээн онцолсон юм.

Мөн тэрээр төслийг бодит ажил хэрэг болгоход үнэтэй хувь нэмэр оруулсан инженер, техникийн ажилтнууд, хамтран ажиллагч байгууллагууд болон нийт харилцагч, түншүүддээ талархал илэрхийлж, үндэсний үйлдвэрлэлийг дэмжин ажиллаж буй Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд онцгойлон талархал хүргэлээ.

Нээлтийн арга хэмжээг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хэлсэн үгэндээ:

“Гурван жилийн өмнө Нью Прогресс Групп-ийн бүтээн байгуулалт болох ‘Ховд Эко Цемент’-ийн үйлдвэрийг нээж байсан бол өнөөдөр Монголын анхны эко гипсэн хавтангийн үйлдвэрийг нээж түүхэн үйл явдлын гэрч болж байгаадаа баяртай байна. Нью Прогресс Групп-ийн санаачлан хэрэгжүүлсэн төсөл, бүтээн байгуулалт бүхэн амжилттай хэрэгжиж, ард иргэдийн ажил амьдралд бодит үр өгөөжөө өгч байгаа нь сайшаалтай” хэмээн онцлон тэмдэглэлээ.

Түүнчлэн тэрээр Нью Прогресс Групп-ийг үндэсний хэмжээний стратегийн ач холбогдол бүхий компани болон өргөжин хөгжиж байгааг дурдан, баялаг бүтээгчид, барилгын салбарын байгууллагууд болон иргэдийг үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж, хамтдаа хөгжихийг уриалсан юм.

Арга хэмжээнд оролцсон Улсын Их Хурлын гишүүн, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан Монголын анхны гипсэн хавтангийн үйлдвэрийн түүхэн бүтээн байгуулалтыг хэрэгжүүлсэн инженер, техникийн ажилтнууд болон нийт хамт олонд баяр хүргэж, салбарын шагнал, жуух бичиг гардуулан өглөө.

“ALPHA” эко гипсэн хавтангийн үйлдвэрийн бүтээн байгуулалт 2024 онд эхэлж, 2025 оны 10 дугаар сарын 1-нд туршилтын үйлдвэрлэлээ эхлүүлсэн. Улмаар 2025 оны 10 дугаар сарын 29-нд анхны бүтээгдэхүүнээ зах зээлд нийлүүлж, өнөөдөр бүрэн хүчин чадлаар ашиглалтад орон албан ёсны нээлтээ хийж байна.

Байгалийн цэвэр гөлтгөнөөс үйлдвэрлэсэн, байгаль орчинд ээлтэй, хүний эрүүл мэндэд аюулгүй “ALPHA” эко гипсэн хавтан нь Монголын барилгын материалын үйлдвэрлэлийн салбарын импорт орлох бүтээгдэхүүн төдийгүй үндэсний үйлдвэрлэлийн шинэ бахархал болж байна.

 

© 2026. Нью прогресс групп. All rights reserved.