Баруун бүсийн бүтээн байгуулалт, барилгын салбарын хөгжилд томоохон хувь нэмэр оруулах “ХОВД ЭКО БЛОК” үйлдвэрийн нээлт Ховд аймагт боллоо.

Тус үйлдвэр нь орчин үеийн CLC технологид суурилсан, байгальд ээлтэй, хөнгөн, дулаан хадгалалт сайтай дүүргэлтийн ханын блок үйлдвэрлэх бөгөөд баруун бүс нутагтаа стандартын шаардлага хангасан бүтээгдэхүүн үйлдвэрлэж буй анхны томоохон үйлдвэрүүдийн нэг болж байна.

Сүүлийн жилүүдэд Ховд аймаг болон баруун бүсийн аймгуудад орон сууц, дэд бүтэц, бүтээн байгуулалтын ажил эрчимтэй өсөж байгаа ч барилгын үндсэн материалын нийлүүлэлт төвлөрсөн хэвээр байсан нь барилгын өртөг нэмэгдэх гол шалтгааны нэг болсоор ирсэн. Тухайлбал, Ховд, Баян-Өлгий, Увс, Говь-Алтай аймагт ашиглагдаж буй дүүргэлтийн ханын материалын дийлэнх хувийг Улаанбаатар хот болон БНХАУ-аас нийлүүлдэг байсан нь тээвэр, логистикийн өндөр зардал үүсгэж байв.

Харин “ХОВД ЭКО БЛОК” үйлдвэр ашиглалтад орсноор барилгын материалын хамаарлыг бууруулж, орон нутагтаа чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэх, нийлүүлэх боломж бүрдэж байна. Үйлдвэр жилдээ 30,000 м³ хүртэлх хүчин чадалтай ажиллах бөгөөд бүс нутгийн өсөн нэмэгдэж буй хэрэгцээг дотоодоос хангах зорилготой юм.

Мөн тус үйлдвэр ашиглалтад орсноор:

  • Барилгын материалын үнэ тогтворжих
  • Барилгын ажлын хугацаа богиносох
  • Орон сууцны өртөг буурах
  • Иргэдийн орон сууцны хүртээмж нэмэгдэх
  • Шинэ ажлын байр бий болох
  • Орон нутгийн эдийн засагт бодит дэмжлэг үзүүлэх зэрэг олон талын ач холбогдолтой юм.

“ХОВД ЭКО БЛОК” үйлдвэрийн бүтээгдэхүүн нь:

  • Хөнгөн жинтэй
  • Дулаан хадгалалт өндөр
  • Галд тэсвэртэй
  • Дуу тусгаарлалт сайтай
  • Байгаль орчинд ээлтэй
  • Барилгын суурийн болон материалын зардлыг бууруулах давуу талтай бүтээгдэхүүн юм.

Шинэ үйлдвэр нь зөвхөн үйлдвэрлэлийн салбарт төдийгүй залуу гэр бүлүүдийг орон сууцтай болоход бодит хувь нэмэр оруулах, бүс нутгийн тогтвортой хөгжлийг дэмжих стратегийн ач холбогдолтой төсөл болж байгаагаараа онцлог юм.

“ХОВД ЭКО БЛОК” үйлдвэр нь баруун бүсийн бүтээн байгуулалтын шинэ үеийг эхлүүлж, орон нутгийн хөгжлийн шинэ боломжийг нээж байна.

© 2026 он. Нью прогресс групп. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.