Монгол Улсын баруун бүсийн тулгуур төв Ховд аймагт сэргээгдэх эрчим хүчийг үйлдвэрлэлд бодитоор нэвтрүүлсэн томоохон бүтээн байгуулалт хэрэгжиж, үр дүнгээ өгч эхэллээ.

“Нью Прогресс Групп” ХХК-ийн охин компани болох “Вестерн Холд” ХХК-ийн хэрэгжүүлж буй “Ховд Эко Цемент” үйлдвэр үйлдвэрлэлийн эрчим хүчний хэрэглээгээ дотоодоос хангах, эрчим хүчний үр ашгийг нэмэгдүүлэх, байгаль орчинд ээлтэй ногоон технологийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх зорилгоор 8 МВт хүчин чадалтай “ХОВД ЭКО НЦС” төслийг албан ёсоор ашиглалтад орууллаа.

Тус төсөл нь баруун бүс нутагт сэргээгдэх эрчим хүчийг үйлдвэрлэлийн салбарт бодитоор нэвтрүүлж буй томоохон жишээ болж байгаа бөгөөд ногоон хөгжил, тогтвортой үйлдвэрлэлийн шинэ шатны эхлэлийг тавьж буйгаараа онцлог юм.

“Ховд Эко Цемент” үйлдвэр нь жилдээ 300 мянган тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай бөгөөд 350 гаруй ажлын байрыг бий болгосны дийлэнхийг орон нутгийн иргэд бүрдүүлж байна. Үйлдвэр жилд нийт 18,000 МВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэдэг бол үүний 13,000 МВт.цагийг нарны сэргээгдэх эх үүсвэрээр хангах боломж бүрдэж байгаа нь сэргээгдэх эрчим хүчийг үйлдвэрлэлд үр ашигтай нэвтрүүлж болдгийн бодит жишээ болж байна.

Монгол Улсын Засгийн газрын 2024–2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр болон “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг нэмэгдүүлэх, тархмал эрчим хүчний системийг хөгжүүлэх, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг дэмжих зорилтуудыг дэвшүүлээд байгаа билээ. “ХОВД ЭКО НЦС” төсөл нь эдгээр зорилтыг үйлдвэрлэлийн салбарт бодитоор хэрэгжүүлж буй анхдагч төслүүдийн нэг болж байна.

Дэлхийн өндөр хөгжилтэй орнууд болох Герман, Австрали, АНУ, БНХАУ зэрэг улс сэргээгдэх эрчим хүчний бодлогоороо дэлхийд тэргүүлж, айл өрх болон аж ахуйн нэгжүүдийг эрчим хүч үйлдвэрлэгч болгон хөгжүүлж байна. Тухайлбал, Австрали улсын зарим бүс нутагт гурван айл тутмын нэг нь нарны эрчим хүч ашиглаж, илүүдэл цахилгаанаа төвийн сүлжээнд нийлүүлэн орлого олж байгаа нь төрийн зөв бодлого, уян хатан зохицуулалтын бодит үр дүн хэмээн үнэлэгддэг.

Монгол Улс жилдээ 260–300 нарлаг өдөртэй, нарны эрчим хүчний асар их нөөцтэй орон. Иймээс сэргээгдэх эрчим хүчний төслүүдийг бодлогоор дэмжиж чадвал зөвхөн дотоодын хэрэгцээг хангаад зогсохгүй, цаашид эрчим хүч экспортлогч орон болох бүрэн боломжтойг салбарынхан онцолж байна.

“ХОВД ЭКО НЦС” төсөл нь баруун бүс нутагт инноваци, ногоон хөгжил, тогтвортой үйлдвэрлэлийн шинэ жишгийг бий болгож буй стратегийн ач холбогдолтой бүтээн байгуулалт болж байна.

© 2026 он. Нью прогресс групп. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.